Захирлын мэндчилгээ

Эрхэм уншигч, судлаачид, оюутан залуус та бүхэнд МУИС-ийн Номын сангийн хамт олны мэндчилгээг өргөн дэвшүүлье.

МУИС-ийн Номын сан нь зөвхөн ном хэвлэл хадгалдаг газар бус, харин мэдлэг бүтээж, судалгааг дэмжиж, шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг эрдмийн төв юм. Бид уламжлалт сан хөмрөг, орчин үеийн цахим мэдээллийн эх сурвалжийг нэгтгэн хүргэж, эрдэмтэн багш, судлаач, оюутан бүрийн мэдлэгийн эрэлд бат бөх түшиг болон ажиллаж байна.

МУИС-ийн Төв номын сангийн үндэс суурь 1942 онд хуучин холбооны техникумын байшинд нэг давхрын жижиг өрөөнд 100 гаруй номоо цуглуулан үйл ажиллагаа эхэлснээр тавигдаж байсан.  МУИС-ийн номын сан хөгжлийнхөө явцад өөрийн сан хөмрөгөөс АУДС, ХААДС,  Орос хэлний дээд сургууль, Политехникийн дээд сургуулиудын (тухайн үеийн нэрээр)  номын сангийн үндэс суурийг тавьж өгсөн түүхтэй, буянтай номын өргөө билээ.

Өнөөдөр МУИС-ийн номын сан нь улсын хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээгээрээ Үндэсний номын сангийн дараа орох томоохон номын сан болон өргөжиж 500,000 гаруй хэвлэмэл ном сурах бичигтэй материалтай болсон. Улсын хэмжээнд анхны бие даасан цахим номын сан (e-library.num.edu.mn) хөгжүүлж одоогоор 13,000 гаруй цахим сантайгаар үйлчилгээ үзүүлж байна.

МУИС-ийн номын сан  нь өнгөрсөн хугацаанд номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголттой болгох, номын санчдыг хөгжүүлэх, цахим номын сантай болох, номын сангийн Коха программыг сайжруулан хөгжүүлэх, гадаадын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах, бүртгэн мэдээлэх, санамж өгөх номзүйн цувралуудыг гаргах, ном солилцооны өдөрлөг, соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “НОМЫН САН ӨНӨӨДӨР-МАРГААШ” сэдэвт форум, “Дэлхийн номын өдөр”, “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэх мэт олон дорвитой ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Бид техник технологи, номын сангийн үйлчилгээ гээд номын сангийн бүхий л чиглэлд улсын хэмжээний тэргүүлэгч номын сан нь болон ажиллаж байгаагаараа бахархалтай байдаг.

Цаашид дэлхийн жишигт хүрсэн номын сантай болохын тулд техник технологио улам сайжруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, үйлчилгээний хамгийн сүүлийн шилдэг хувилбарыг нэвтрүүлэх, хүний нөөцөө хөгжүүлэх, ажиллах орчин нөхцөлөө сайжруулах зэргээр бид шаргуу хөдөлмөрлөн ажиллах болно.

   Ном дор мөргөмү.

МУИС-ийн номын сангийн захирал Доктор, дэд профессор Г. Цэрэн