МУИС-ийн Номын сангаас Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр “НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ-III” форумыг “Их, дээд сургуулийн номын сангийн хөгжил, хэтийн төлөв” сэдвийн хүрээнд ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС болон АШУҮИС-ийн номын сантай хамтран амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр номын сангийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар буюу дараах агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, асуудлыг өргөн хүрээгээр авч үзлээ. Үүнд,
- Их, дээд сургуулийн номын сангийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага,
- Олон улсын номын сангийн хөгжлийн чиг хандлага,
- Их, дээд сургуулийн номын сангийн хөгжлийн бодлого,
- Хувийн их, дээд сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал,
- Номын сангийн хууль эрх зүйн орчин, хүний нөөцийн цаашдын шийдэл зэрэг сэдвүүд багтсан.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг буй тус хэлэлцүүлгийн үр дүнд номын сангийн салбарын гадаад болон дотоод орчинд өрнөж буй шинэ санаачилга, шинэлэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, номын санчдын ур чадварыг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг бодитоор шийдэх боломж бүрддэгээрээ өндөр ач холбогдолтой юм.

