“Ярьдаг, сонсдог номын сан”-гийн нээлт боллоо

“Ярьдаг, сонсдог номын сан”-гийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэд МУИС-ийн захирал Д.Бадарч, Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал болон багш, МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Энэхүү ярьдаг, сонсдог ном бүхий өрөөг МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих, тэгш хамруулах, сургалтын орчин нөхцөлийг ээлтэй болгох зорилгоор тохижуулсан. Тус номын санг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нар ашиглах бөгөөд хичээл сургалтын тохируулга бүхий аудио төхөөрөмж болон брайл номын булантай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.

МУИС-ийн захирал Д.Бадарч нээж, “МУИС-ийн хэмжээнд энэ хичээлийн жилд 109 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцаж байна. Тэдний эрхийг хамгаалж, бусад оюутны нэгэн адил “МУИС-ийн оюутан” гэх итгэл үнэмшилтэйгээр суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нэг жишээ нь энэхүү номын сан болж байна. Үүнд Оюутан хөгжлийн төвийн ажилчдаас гадна сургуулийн мэдээллийн технологи болон компьютерын багш нар хамтарч, үнэтэй хувь нэмрээ оруулсан. Цаашид ч оюутнуудынхаа эрх тэгш суралцах нөхцөлийг бүрдүүлэх, хүртээмжтэй байдлыг хангах үүднээс олон ажлыг хэрэгжүүлнэ” хэмээв.

Энэ үеэр ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газраас МУИС-ийн номын санд 40 ширхэг брайл номыг хандивлалаа.