МУИС-ийн Номын сангийн сан хамрөгт хадгалагдаж буй доктор, магистрын судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний бичиг, ном сурах бичгийг гадаад дотоодын судлаачдад хүргэх, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор үүсгэн хөгжүүлсэн “e-library.num.edu.mn” МУИС-ийн Номын сангийн дэргэдэх бие даасан анхны цахим номын сангийн нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын яамны Цахим бодлого, статистик мэдээллийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, багш, оюутны төлөөлөл, их дээд сургуулийн номын сангийн удирдлагууд оролцлоо.
МУИС-ийн Номын сан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчээс албан ёсны зөвшөөрөл авсан бүтээлээр цахим сан хөмрөгийг тогтмол баяжуулж байгаа бөгөөд ном, сурах бичиг, сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүн бүр зохиогчийн эрхийн хамгаалалттай юм.