“Монголын анхны цахимжсан номын сан” (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль) танилцуулах арга хэмжээ боллоо

МУИС-ийн номын сангаас санаачлан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн цахимжуулах төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа 2023 оны 11 сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн ХЗС-ийн номын сангийн монгол хэлээр хэвлэгдсэн ном тус бүрд зохиогчийн эрхийн судалгааг хийсэн бөгөөд зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөл авсан бүтээл тус бүр дээр гэрээ хийх, хэвлэмэл бүтээлийг сканердах, цахим хэлбэрт хөрвүүлэх, системд байршуулах, уншлага үйлчилгээнд бэлэн болгох гэх мэт олон шат дараалалтай ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төслийг хэрэгжүүлснээр:

  1. Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч зөвшөөрсөн 400 орчим нэр төрлийн 200,000,000 төгрөгийн үнэ бүхий  бүтээлийг зохиогчтой гэрээ хийн, худалдан авч  “ЦАХИМ САН”-гаа баяжууллаа.
  2. Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч зөвшөөрсөн болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн хүрээнд нийтийн хүртээл болсон 787 нэр төрлийн бүтээлийг үнэ төлбөргүй бэлэг хандиваар авч “ЦАХИМ САН”-даа  байршууллаа.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Номын сангийн “ЦАХИМ САН”-г нийт 1200 орчим нэр төрлийн ном, бүтээлээр нэмэгдүүллээ. Энэхүү төсөлд идэвх зүтгэл гарган ажилласан бүх хүмүүст болон үнэтэй бүтээлээ цахим санд байршуулах зөвшөөрөл өгсөн нийт хувь хүмүүс, байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье.