МУИС-ийн номын сан нь соёлын салбар, номын сангийн салбар, МУИС-даа анхдагч болон ISO 9001 : 2015 стандартыг нэвтрүүллээ. Энэхүү стандартын баталгаажуулалтын гэрчилгээг МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, СХЗГ Бүтээгдэхүүн, тогтолцоо баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг нар хүрэлцэн ирж гардуулж өглөө.

ISO 9001 : 2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр зорилт тавин ажиллаж байна.
- Уншлага үйлчилгээний зай талбай, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Сан хөмрөгийн баяжилтыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх
- Хүний нөөцийг хөгжүүлэх
Дээрх зорилтыг биелүүлэхийн тулд есөн томоохон ажил төлөвлөлтийн дагуу хийгдэж байна. Жишээ нь: 2019 оны 8-р сарын 22-24-ны хооронд “Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ, Монгол улсын үндэсний номын сан, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС – Монгол судлалын хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгуулсан. Энэ нь манай номын сангийн ховор хуучин номын уншлагын танхимтай болох мэдээллийн сан бий болгох зорилттой холбогдож буй юм.
Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн МУИС-ийн номын санд мөрдөгдөх нэн шаардлагатай 13 заавар, 11 зөвлөмж боловсруулсан. Үйл ажиллагааны 65 процессийн зураглал зурж хуулийн нийцэл, гүйцэтгэлийн тулгуур үзүүлэлт, KPI хэмжээст хүрэхийн тулд ямар эрсдэл учирч болох зэргийг бүгдийг урьдчилж тооцож нарийн гаргасны үндсэн дээр бүх зүйл маань төлөвлөгөөтэй, хугацаатай, хариуцах эзэнтэй маш нарийн системтэй зохицуулалттай болсноос гадна хэн юу хийх нь тодорхой, уншигч хэрэглэгчид номын сангийн үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүйгээр зохицуулагдаж чадсан.
