“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР – 2024” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

МУИС-ийн номын сангаас жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд бид ховор ном сонирхогчдын хувийн цуглуулгад болон эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сангуудад хадгалагдаж байгаа ном судруудыг олон нийтэд танилцуулах, өөрсдийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор “Бичгийн мэргэдийн оюуны өв” сэдэвт ховор судар бичгийн үзэсгэлэн зохион байгууллаа. Бидний үйл ажиллагааг дэмжин ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх – Угсаатны зүйн хүрээлэн номын сангийн хадгаламжаасаа сонирхуулсан бол урлаг судлалын доктор С.Бадрал нар хүрэлцэн ирж хувийн цуглуулгын дээжээсээ сонгон монголчуудын хэрэглэж ирсэн санскрит, тод, соёмбо үсгийн цагаан толгойг дэлгэн үзүүллээ.

Оюутнуудын дунд үндэсний бичгийн өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор уран бичлэгийн уралдааныг 2011 оны “Болор цом”-ын эзэн яруу найрагч До. Болдхуягийн “Монгол хэл” шүлгээр зохион байгуулсан. Уг уралдааныг шалгаруулах үйл ажиллагаанд яруу найрагч, доктор До. Болдхуяг өөрийн биеэр хүрэлцэн ирж, “Монгол хэл” шүлгээ хэрхэн бичсэн түүхээс сонирхуулж, шүлгээ уншиж, оюутнуудтай уран бүтээлийн уулзалт хийв.

Уран бичлэгийн уралдаанд маань МУИС-ийн оюутнуудаас гадна Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Г.Эгшиглэн оролцсоноороо онцлог боллоо. Уралдааны шүүгчээр МУИС-ийн утга зохиол урлаг судлалын тэнхимийн магистрант Дэгжилт ажиллахын сацуу өөрийн бийрэн бичлэгийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Уран бичлэгийн уралдаанд

  • I Тэргүүн байр Ч.Өнөрзаяа
  • II Дэд байранд Н.Уранмандал
  • III Гутгаар байр Ү.Энхжин нар шалгарав.

Энэхүү өдөрлөгийн үеэр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үндэсний бичиг үсэгтэй холбоотой бүтээлийн сэдэвчилсэн үзэсгэлэн, яруу найрагч Р.Чойном болон бусад яруу найрагчийн шүлгийн бүтээлээр бичсэн бийрэн бичлэгийн үзэсгэлэнг тус тус гаргаж уншигч, ховор ном сонирхогчдод танилцууллаа

Өнөөдрийн үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын 48-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Т.Ундрах 6- р ангийн шавь нартайгаа, 2-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш П.Гэрэлмаа 6-р ангийн шавь нарынхаа хамт хүрэлцэн ирж, монгол бичгийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.