МУИС-ийн шинэ номын сангийн нээлт боллоо

Монгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баяраар МУИС нь шинэ номын сангийн нээлтийг албан ёсоор хийж, оюутан суралцагч нартаа хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, МУИС-ийн захирал, Доктор Я.Төмөрбаатар, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар нар болон МУИС-ийн удирдлагууд оролцлоо.

2014 онд  номын  сангийн  барилгын  шавыг нь  тавьж,  хөрөнгө  оруулалтын   дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж, 16 тэрбум төгрөгөөр босгосон номын шинэ өргөөний 6 давхар шилэн барилга нь МУИС-ийн хичээлийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв. Аливаа их, дээд сургуулийн хөгжлийн хэмжүүр, нүүр царай бол номын сан байдаг. 75 жилийн түүхтэй МУИС-ийн Номын сан 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд нүүн орж, МУИС  төдийгүй  Монголын  дээд боловсролын салбарын номын сангийн нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны түшиц номын сан- мэдээллийн төв ийнхүү нээгдэж байна.

Номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр Brandshop, Coffeshop, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим,  5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлаж байна. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг давхаруудад байгуулан ашиглалтад оруулаад байна.

Номын сан 360 000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд СиСи-д бүртгэлтэй үнэмлэхээр номын санд үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм.

Цаашид номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулахын тулд  технологийн шинэчлэл хийх, бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлж, үйлчилгээг улам боловсронгуй болгох, зорилт тавин ажиллаж байна. МУИС-ийн номын сангаас өөрийн харъяалалын бус уншигчдад  үйлчлэх боломжийг судалж байна. Бидэнд урд нь гадны хүмүүст үйлчлэх боломж байгаагүй бөгөөд манай номын сангаар үйлчлүүлэх сонирхолтой хүмүүс багагүй байдаг. Иймд номын сангийн ачаалалаас хамааран хэрвээ боломж олдвол биднийг зориод ирсэн гадны хүмүүст тодорхой нөхцөлтэйгээр үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилготой байна.