ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

director

Номын сангийн хамгийн гол үндсэн зорилго бол  хүний оюун ухааны бүтээлийг хүмүүст хүргэх асуудал болно. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа ном судар бүтээж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеэрээ дамжуулан уншиж, сурч боловсордог. Монголчууд дэлхийд гайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хадгалан, уншиж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ. 1941 онд хуучин холбооны техникумын байшинд 1 давхрын жижиг өрөөнд 100 гаруй номоо цуглуулан МУИС-ийн Төв номын сангийн үндэс суурь тавигдсан. МУИС-ийн номын сан хөгжлийнхөө явцад өөрийн сан хөмрөгөөс АУДС, ХААДС,  Орос хэлний дээд сургууль, Политехникийн дээд сургуулиудын /тэр үеийн нэрээр/  номын сангийн үндэс суурийг тавьж өгсөн түүхтэй буянтай номын ордон билээ.  Өнөөдөр МУИС-ийн  номын сан нь улсын хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээгээрээ Үндэсний номын сангийн дараа орох томоохон номын сан болон өргөжин  400000 гаруй хэвлэмэл ном болон бусад цахим сантайгаар үйлчилгээний 8 цэг салбарт 57 ажилтантайгаар үйлчилгээ үзүүлж байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд МУИС-ийн номын сан нь номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголттой болгох, номын санчдыг хөгжүүлэх, цахим номын сантай болох, номын сангийн программыг сайжруулан хөгжүүлэх, онлайн мэдээллийн сангуудыг ашиглах, бүртгэн мэдээлэх, санамж өгөх номзүй гаргах, ном солилцооны өдөрлөгийг жил бүр зохион байгуулах гэх мэт олон дорвитой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Цаашид дэлхийн жишигт хүрсэн номын сантай болохын тулд техник технологио сайжруулах, үйлчилгээний хамгийн сүүлийн шилдэг хувилбарыг нэвтрүүлэх, хүний нөөцөө хөгжүүлэх, орчин нөхцөлөө сайжруулах зэргээр бид шаргуу хөдөлмөрлөн ажиллаж байна.

Ном дор мөргөмү.

МУИС-ийн номын сангийн захирал

Доктор, дэд профессор Г. Цэрэн

2017 оны 02 сарын 09